Tuesday, September 9, 2008

Намрын сэрүү орлоо гэж сонслоо...


Нутагт минь бороо ороод, хүйтэн, зутруухан байгаа сурагтай. Одоо ч орон сууцнуудын халаалт нь ирээгүй болохоор гадаа жаахан л хүйтрэхээр гэрт зутрана шүү...
Бүсгүй минь уруулаа хөх өнгөөр "будаад" ажилаа хийж байгаа байх даа. Ажилдаа түүртээд өдрийн хоолоо ч идэх завгүй...
Аав, ээж 2 маань яаж байгаа бол. Орой гэртээ ирэхэд нь халуун хоол хийж өгөх хүнгүй, тэр 2 минь зутарч байгаа болов уу...?
Газар дээрх ганц дүү минь хүний нутагт яажшуухан байдаг юм болоо. Эрх биш хэлтэй устай, хэдэн жилийг ардаа үдсэн юм байна болж л байгаа байх даа...

Ингээд бодохоор хүн гээч, сэтгэлийг нь зовоосон аливаа зүйлтэй бодлоороо, үйлдэлээрээ учирах тоолондоо өөрийгөө бодохоос гадна өөрт нь байгаа хамгийн эрхэм зүйлдээ санаа зовинож бодлын мананд уусдаг байх даа...

Өнөөдрийн туршилт санасныг бодоход амархан дууслаа... Маргааш л энэ янзаараа хийх юм шүү. Явж явж өөрөө учирыг нь олох гэж хэдэн өдөр нухсаных энэ туршилтын үндсэн арга зүйг нь гайгүй сайн ойлгож авсан бололтой. (Өөрийгөө магтчихая, яадгийн, хэхэхээ)

Энд ч бас намар цаг нь эхэлж байна даа. Модны навчис хөлөөр хөглөрөөд, үе үехэн салхилах салхины аясаар сэтгэлд хөнгөн гуниг хургаад ч байх шиг...

Ай хөөрхий, намар гэдэг хүний ч, өөрийн ч нутагт адилхан байх юм даа. Гарч алханаа...

No comments: