Sunday, November 2, 2008

Яруу найрагаас үүдсэн бодрол

...Тэр л сайхан алаг нүдийг чинь үнсээд
Тэнгэрийн дор жаргахын амтыг мэдэрсэн
Амраг сэтгэлээ чинийхээ төлөө зориулаад
Ахиад хэзээ ч дурлахгүй гэж бодсон...

(Яагаад ч юм бэ, сэтгэлд хоногшсон тэр алагхан нүдийг үргэлж боддог юм. Томдсон халаадтай, алаг нүдтэй, танихгүй бүсгүйн нүд... Нүдээ аниад хайртай чамайгаа бодох тоолонд тэр нүд хамгийн түрүүнд бодлын үзүүрт ургаад ирдэг юм)

...Зүрх минь ийм хэрэгтэй зүйл байсныг
Зүүдлээ ч үгүй явсан юм билээ
Хийл хөгжим шиг яруухан эгшиглэсэн ээ
Хэзээ ч би мартаж чадахгүй явдаг аа...

(Анх танилцаж байхдаа хөөрхөн бүсгүй байна даа гэж бодож байсан болохоос ийм болно чинээ санасангүй явжээ. Хувь заяаны эрхээр л бид хоёр учирсан юм байлгүй дээ)

...Чамайгаа үнссэн агшин зуун жилтэй тэнцэхийг мэднэ
Чинийхээ хайранд багтаад нисэх шахсанаа мэднэ
Хүнд бэрх он жилүүдийг нэг л сайхан хөгжим болгох
Хүүхдийн инээд цангинсан тусгаар улсын хаан болохоо мэднэ...

(Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй. Дорнын их яруу найрагчийн хэлсэн энэ үг ҮНЭН юм билээ. Сайхан хайр гэж үнэхээр байдаг юм билээ. Би мэдсэн. Энэ сайхан хайраа үр жимсээ өгөх алимны модтой зүйрлэх дуртай. Энэ модоо усалж, тордож, арчилж чадвал инээд цангинасан, хайр гэрэлтсэн, цэцэрлэгт хүрээлэнгийн "эзэд" болох нь гарцаагүй бизээ)

...Алагхан зүрх минь азтай эрийн зүрх болсон
Алдхан бие минь амраг чинийхээ өмч болсон...

(Хайртай хүндээ бүхнээ зориулах нь хайрын нэгэн гайхалтай тал юм болов уу даа. Өөртөө байгаа хамгийн сайхан, сайн гэсэн бүхнээ зөвхөн түүндээ зориулахад сэтгэл нэг л сайхан болчихдог юм. Яг энэ үед хайртай бүсгүй маань над шиг өөртөө байгаа хамгийн, хамгийн гэх зүйлээ наддаа зориулаад ирэхэд "Хайрт минь, би чамдаа хайртай" гэхээс өөр үг олддоггүй юм билээ. Тиймээ би азтай эр... )

(Эцэст нь дүгнээд бодоход харилцан хоёр биенээ хайрлаж байж л бүх зүйл сайхан болно доо...)


PS: Х.Чилааживын шүлэгнээс иш татав

No comments: