Thursday, December 11, 2008

Kyoto

2008 оны 12 сарын 6-7-ны өдрүүдэд Японы эртний нийслэл Kyoto хотыг үзэх боломж олдов. Энэ хот эртнийх гэдэг утгаараа олон янзын сүм, дуган, ордон байдгаараа алдартай юм билээ. Мөн НҮБ-ийн дэргэдэх дэлхийн соёлын өвд бүртгэлтэй хэд хэдэн газар байдгаараа дотоод, гадаадын жуулчдын хөл дардаг их хөлийн газар юм байна. Ингээд Токио хотын төв буудал дээрээс холын замыг товчлон довтолгогч хурдан галт тэрэг буюу Shinkansen-д сууж 600 гаруй км-ийн алсад орших Киото хотод 2 цаг орчим яваад хүрэв.

Киотогийн төв буудалд буугаад хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол Kyoto Tower Hotel байлаа.

Эхний өдөр албан ажилтай байсан тул хоттой танилцах боломж олдоогүй юм. Киотогийн Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн зохион байгуулсан Metabolic Syndrome - Present Studies сэдэвт семинарт оролцож номын дуу сонсов. Маргааш нь буюу 7-ны өглөө эртлэн босож хоттой танилцах бяцхан аялал маань эхэлсэн юм. Буудалласан зочид буудалын ЗБ (зохион байгуулагч)-ын зөвлөснөөр нэг өдрийн BUS-TICKET аваад хотын хойд хэсэгт орших Алтан сүмийг зорив.

Анх баригдахдаа "тэтгэвэртээ" гарсан шёогүн Ашикага Ёшимицугийн (1358-1409 он) өргөө байсан бөгөөд түүнийг тэнгэрт хальсаны дараа сүм болсон юм билээ. 1950 онд галдан шатаагдсан боловч 1955 онд сэргээн засагдаж жуулчдийн очих газрын нэг болсон байна. Сүмийн эргэн тойронд байх цэцэрлэгт хүрээлэн нь хэд хэдэн булаг шанд, бяцхан нуур, ой мод бүхий үнэхээр хараа булааж, сэтгэл ариусмаар газар аж.




Дараа нь хотын зүүн хэсэгт орших Kiyomizu-dera сүмийг үзэхээр явсан юм. Таксигаар 20 орчим минут, автобусаар 30-40 мин явах энэ газар Япончуудын очих дуртай газрын нэг юм гэсэн. Японы автобусны үйлчилгээ нь надад маш их таалагдав. Суух зорчигчид хойд хаалгаар, буух зорчигчид урд хаалгаар, яг буухын өмнө мөнгөө төлнө. Автобусанд суухдаа дарааллаж зогсоод автобусанд зай байхгүй болмогц хаалга нь хаагдаж сууж чадаагүй хүмүүс дараагийн автобус ирэхийг хүлээгээд зогсох нь хотын соёл гэдэг нь байх гэж бодогдсон юм. Kiyomizu-dera сүм нь уулын энгэрт байрлах тул нэлээд өгсүүр замаар 10 мин орчим алхав.

Сүмийн үндсэн барилга нь яахын аргагүй эртний уран барилгын нэг гэдэг нь шууд харагдав. 13 метр орчим урт бүдүүн шургааган багануудаар сууриа хийж барьсан энэ сүмийн тавцан дээрээс Киото хот алган дээр байгаа мэт харагдаж байв.
Энэ мэтчилэн хотын эртний хэсэг болсон сүм хийд үзсээр өдрийн гэгээ тасарч Киото хотоор зугаалах зугаалга маань үндсэндээ дууссан юм даа.

No comments: